Москва — Википедиа нэвтэрхий толь Jump to content

Москва

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Москва
Москва
Дуулал: "Миний Москва"
Location of Москва
Солбицол: 55°45′21″N 37°37′2″E / 55.75583°N 37.61722°E / 55.75583; 37.61722Солбицол: 55°45′21″N 37°37′2″E / 55.75583°N 37.61722°E / 55.75583; 37.61722
Улс Орос
Холбооны тойрогТөв ХТ
Эдийн засгийн бүсТөв ЭЗБ
Анх дурдагдсан1147[1]
Засаг захиргаа
  БиетХотын Дум[2]
  Хотын дарга[3]Сергей Собянин[3]
Газар нутаг
  Нийт2,561.5[4] км2 (989.0 бээр2)
  Хотын нутаг
6,154 км2 (2,376 бээр2)
  Бөөгнөрөл
48,360 км2 (18,670 бээр2)
Өндөр
156 м (512 фут)
Хүн ам
  НийтNeutral increase 13,010,112
  Байр1-р
  Нягтрал5,080/км2 (13,200/бээр2)
  Хотын нутагNeutral increase 18,800,000
  Нягтрал2,762/км2 (7,150/бээр2)
  БөөгнөрөлNeutral increase 21,534,777[5]
  Нягтрал450/км2 (1,200/бээр2)
Иргэдийн нэршилМосквачууд
Цагийн бүсUTC+3 (MSK[9])
ISO 3166 кодRU-MOW
Улсын дугаар77, 177, 777; 97, 197, 797; 99, 199, 799, 977[10]
OKTMO ID45000000
Бүс Нутгийн Нийт Бүтээгдэхүүн₽24.471 их наяд
(€281 тэрбум)
₽1,935,205
(€22205)[11]
Вэб сайтmos.ru

Москва (Орос: Москва) — Оросын Холбооны Улсын нийслэл хот. Нутаг дэвсгэр засаг захиргааны хуваариар ямар нэгэн мужид хамаарахгүйгээр шууд холбооны байгууламж болж, Төв холбооны тойрог, хэдий хамаардаггүй ч Москва муж хоёрын төв гэгдэнэ.

2015 оны тооллогын дүнгээр 12 197 596 оршин суугчтай.[12] Үүнээс үзвэл Орос болон Европын тэргүүн их, дэлхийн аравт ордог хот, дэлхийн нэгэн томоохон хот (живаатан хот) юм.[13]

Дорнод Европын тэгш талын төв хэсэгт Москва голын эрэгт байршсан. Оросын түүхэнд Киевийн Орос болон Оросын эзэнт гүрнээс бусад Москвагийн Их Вант Улс, Оросын Царьт Улс, Зөвлөлт Орос Улс, Зөвлөлт Холбоот Улсын гэх урьдын дөрвөн улсын нийслэл байсан түүхтэй.

Европ тив дэх хамгийн том хотод тооцогддог бөгөөд газар нутаг нь дэлхийд дээгүүрт жагсана. Москва хот нь улсынхаа улс төр, эдийн засаг, шашин, санхүү, боловсрол, тээврийн төв нь юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч албан ажлаа явуулдаг Кремль мөн энд оршдог. Москва нь эдийн засгийн томоохон төв бөгөөд дэлхийд тэрбумтнынхаа тоогоор тэргүүлдэг. 2007 онд амьдрахад хамгийн их өртөгтэй хотоор хоёр дахь жилдээ шалгарчээ. Маш олон шинжлэх ухааны хүрээлэн, боловсрол, соёл, спортын байгуулалтай. Москвад маш нарийн зохион байгуулалтай тээврийн систем үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүний дотор уран барилга, зургаараа алдартай дэлхийн хамгийн их ачаалалтай метротой. Москвагийн Улсын Их Сургууль нь тус улсын анхны бөгөөд тэргүүлэх их сургуулиудын нэг юм.

Нэгэн домогт Оросын ван Юрий Долгорукийн (1090-1157 он) тушаалаар анх модон барилгатай тус хотыг байгуулсан бөгөөд түүнийг тус газраар урсах голын нэрээр нэрлэсэн нь, мөн тус голын хөвөөнд маш хурдан өргөжин тэлж байгаа тухай өгүүлсэн байдаг аж. Москва хот хамгийн анх судар бичигт дурдагдсан нь 1147 он учраас энэ оныг тус хот үүсгэн байгуулагдсан он хэмээн үздэг байна. Гэхдээ Москваг байгуулахаас бүр эрт энэ газар хүмүүс суурьшин амьдарч байсан байна. Археологийн олдворуудаас харвал хамгийн эртнийх нь 5000 жилийн өмнөх эд өлгийн зүйл байдаг байна.

Тохтамыш хаан Москваг дайлаар ирж буй нь
Тохтамыш хааны довтолгооноос Москваг хамгаалж буй байдал

1156 оны орчим анхны модон хамгаалалтын байгууламж болох кремлийг барьсан ба энэхүү бэхлэлт дэх жижиг захыг даган алгуур томоохон суурин бий болов.

Бат хааны удирдлага дор 1238 оны нэгдүгээр сарын 20-нд хотыг Алтан Ордны цэргүүд Русь руу хийсэн довтолгооны хүрээнд эзлэн, шатааж байжээ. 1263 онд Москва орчмын нутаг Владимир-Суздалийн Их Вант Улсын нэг хэсэг байж байгаад, удалгүй ван Даниил Александровичийн харьяат бие даасан вант улс болжээ. 14-р зууны эхний хагас гэхэд Москва 30.000 оршин суугчтай болох үед Алтан Ордны хаан Өзбег Москвагийн их ван Иван Калитаг Оросын вангаар хүлээн зөвшөөрсөн боловч түүнд алба төлж байх үүргийг ногдуулсан байна. 1321 онд Оросын Үнэн Алдартны Сүмийн төвийг Владимираас нүүлгэн авчирсан нь Москваг оросын үнэн алдартны шашны төв болгоход нөлөөлсөн байна.

1380 оны есдүгээр сарын 8-нд Дмитрий Донскойн удирдлагаар Куликовын тулалдаанд монголчуудыг ялсан нь хотыг тэрхэн хугацаанд чөлөөлсөн боловч Алтан Ордны ноёрхлоос гаргаж чадаагүй юм. 1382 онд монголчууд Тохтамышаар удирдуулан Москваг довтлон дээрэмдэж, дахин шатаав. Гэвч Москва үүгээр сульдаж доройтсонгүй, харин ч улс төр, зэвсэгт хүчний хүч нь улам бэхжихийн сацуу эдийн засгийн хувьд ч хүчирхэгжсээр байв. Дмитрий Донскойн том хүү болох Москвагийн их ван Василий I Дмитриевич Монголчуудын ноёрхолд байхыг хүлээн зөвшөөрсөнгүй. Үүнээс үүдэн 1408 оны арванхоёрдугаар сарын 5-нд Эдигүгээр удирдуулсан монголын цэрэг ахиад л Москвагийн хаалган дээр дайтахаар иржээ. Энэ удаа Монголчууд хотыг эзлэн авч чадаагүй бөгөөд хотыг гурван долоо хоног бүсэлсний эцэст 3000 рублийн барьцааны мөнгө аван буцав.

15-20-р зууны эхэн үе

[засварлах | кодоор засварлах]
1612 онд Москваг польшуудаас чөлөөлж байгаа нь

15 дугаар зууны сүүлчийн хоёр арванд Кремлийг дахин шинээр барьж эхлэв. Үүнийг дагаад кремлийг тойрон олон тооны гар урчууд болон худалдаачид суурьших болов. Удалгүй хотын оршин суугчдын тоо нэмэгдэж 100 мянгыг давсан учраас 1600 оны орчим хотыг тойруулан хэрэм барьснаас гадна түүний гадуур нүхэн саад хийсэн нь шинэ цэцэглэн хөгжиж буй хотыг гаднаас хамгаалах гол зорилготой байв. 1571 онд сүүлчийн удаа татарчууд хотыг дайлсан ба голцуу модоор барьсан хотыг юу ч үгүй болгон шатаав. Үүнээс хойш жилийн дараа татарын аюулыг Москвагийн өмнөд хэсэгт Молодийн тулалдаанаар буцаж ирэхгүйгээр хөөж чаджээ.

Хааныг хэн залгамжлах нь тодорхой бус байсан үймээнт жилүүдийг далимдуулан Польшийн цэрэг 1610 оны 7-р сарын сүүлээр Москва руу довтлон өөрийн тоглоомын улс болгох гэсэн санаархал нь Орос-Польшийн дайныг эхлүүлсэн юм.

1611 оны 1-р сард оросын том хотууд болох Доод Новгород, Вологдагаас татсан ардын арми польшуудыг эсэргүүцэн, Кузьма Минин, Дмитрий Пожарскийгаар удирдуулан дайтаж, тэднийг 1612 оны аравдугаар сарын 25-нд кремльд бүслэн, буулгаж авчээ. Эдгээр үйл явдлууд Романовынхныг оросын хаан ширээнд залрах замыг засч өгчээ.

Анхны даавуу, цаас, тоосго, шилний үйлдвэрүүд болон тээрэм бий болох үеэр их гүрний нийгэмд баян хоосны ялгаа эрс нэмэгдсэний улмаас 1667 онд Ижил, Дон мөрний тариачид нэгдэн босч, өөрсдийн удирдагч Степан Разиныг баривчлан, улаан талбай дээр цаазаар авсан байна. 1687 онд оросын анхны дээд сургууль болох „Слав-Грекийн Академи“ (өнөөдөр Москвагийн Гэгээнтний Академи) үүдээ нээсэн бол 1703 онд оросын анхны сонин „Ведомости“ хэвлэгдэн гарчээ.

1712 онд Их Пётр (1672-1725 он) хаан нийслэлийн онцгой эрхийг нь шинээр байгуулагдсан Санкт-Петербургт шилжүүлж орхисон ч, Москва оросын эдийн засаг, соёл, боловсролын төв хэвээр үлдсэн юм. 1755 онд өнөөгийн Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийг нээснээр оросын анхны их сургууль бий болсон ажээ. 1771 онд Москвагийн тахлын үеэр Москвад маш том бослогууд гарч, нийт хүн амынхаа тэн хагасыг алдсан юм.

18-р зуунд Москвад оросын олон алдарт зохиолч, яруу найрагчид төрсөн байдгийн тоонд жишээ нь Александр Сумароков, Николай Карамзин, Денис Фонвизин нарыг тоочиж болно. Мөн түүнчлэн оросын нэрт эрдэмтэн Михаил Ломоносов эрдэмтний замын мөрөө Москвагаас эхэлжээ.

Москвагийн кремлийн цагтай цамхагаас Москва хотыг харсан байдал: 1819-1823 он

1812 оны эх орны дайнд, Наполеон Бонапарт өөрийн Их армийн хамт Москвад довтлон ирэхэд хотын оршин суугчид өөрсдийн хашаа байшингаа шатаан хотоос зугатан оджээ. Энэ түймэрт хотын барилга байгууламжийн гуравны хоёр шатсан ба үүнээс шалтгаалан францын армийн хоол, хүнсний хангамж муудан, сар болоод л буцахаас өөр аргагүй болов. Ингээд буцах замдаа Березинийн тулалдаанд ялагдсанаар Наполеоны их арми унасан ажээ.

1813 оны хавар Москва томоохон хэмжээний сэргээн босголт болон өртгөтгөлийн ажил явагдсан ба энэ хүрээнд хотын гадна талын хамгаалалтын цагирагийг тэслэн нураав. Ингээд 19-р зууны дундаас авто зам болоод төмөр замын шинэ шугамуудыг тавин улсын чухал хотуудтай холболоо. Гэсэн ч Москва тухайн үед оросын нийслэл байсан Санкт-Петербургийн хөгжлийг гүйцэхгүй хоёрдугаар том хотод тооцогдсон хэвээр байв. Санкт-Петербург зөвхөн хүн амын тоогоороо хуучин нийслэлээс илүү биш, харин улсынхаа эдийн засаг, соёлын төв болон хөгжсөн байв. Санкт-Петербургт дээд давхаргынханы гоёмсог хээнцэр барилгууд борооны дараах мөөг мэт олширч байхад Москва тээр хойно хоцорч үлдсэн байлаа. Хэдийгээр Санкт-Петербургийн хөгжлийг гүйцээгүй ч, хөгжил асар хурдтай явагдсаар л байв. 1890 онд анхны цахилгаан трамвай ашиглалтад оров. Анхны хүн амын тооллого 1897 оны нэгдүгээр сарын 28-нд явагдсан бөгөөд энэ тооллогоор ойролцоогоор нэг сая хүн тоологдсон бол 1914 он гэхэд хоёр дахин нэмэгдсэн байв.

Аравтын гудамж, 1890 он

19 дүгээр зууны сүүлийн арван жил нийгмийн байдал улам хурцадсаар байв. Аж үйлдвэрүүдийн төвлөрөл, ялангуяа хөнгөн аж үйлдвэр Москвад төвлөрчээ. Түүнээс гадна 1861 онд хамжилгат ёсыг халснаар хэд арван мянган газаргүй болсон тариачид, хөлсний ажил хийхийн тулд хот руу орж ирэв. 1898 онд Москвад Социал Демократ Ажилчны Нам үүсгэн байгуулагдав. 1905 оноос 1907 он хүртэлх Оросын хувьсгалд Москва өртсөн ба учир нь 1905 оны арванхоёрдугаар сард Москвагийн ажилчид нийтийг хамарсан улс төрийн ажил хаялт хийсэн нь зэвсэгт бослогод шилжив. Дэлхийн нэгдүгээр дайны өмнөх жилүүдэд хотод асар ихээр шинэ барилгууд баригджээ. 1912 онд Пушкины нэрэмжит Дүрслэх Урлагийн Улсын Музей ашиглалтад оров. 1913 онд Москва Романовын Хант Улс болсны 300 жилийн ойгоо тэмдэглэжээ.

Оросын хувьсгалын үе

[засварлах | кодоор засварлах]

1917 оны Оросын хоёрдугаар сарын хувьсгалын дараа 1917 оны наймдугаар сард Москвад бүх анги давхаргынхан оролцсон Москвагийн Төрийн Чуулган хуралджээ. 1917 оны наймдугаар сараас 1918 оны есдүгээр сар хүртэл Москвад Оросын сүмийн зөвлөл хуралдаж, Москвагийн шашны тэргүүн- Патриархыг сэргээв.

1917 оны 10-р сарын 25-нд Коммунист төрийн эргэлт хийсний дараа Петроград болон Москвад большевикууд Нийгмийг Аюулаас Хамгаалах Хороог эсэргүүцэн зэвсэгт бослого зохион байгуулав.

Москвагийн төлөөх тэмцэл 1917 оны аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 2-ныг хүртэл үргэлжилсэн ба большевикуудад нэмэлт хүч ирснээр, тэдний ялалтаар дууссан байна.

ЗХУ-ын нийслэл болсон нь

[засварлах | кодоор засварлах]
Христийн цогчин дуган, 1903 он

1918 оны гуравдугаар сарын 12-нд шинэ байгуулагдсан Зөвлөлт Улс нийслэлээ Москваг сонгосон ба большевикуудын тэргүүлэгчид Кремльд нүүн орсноор Москва 18 дугаар зууны эхнээс хойш алдаад байсан оросын эрх мэдлийн төвөө эргүүлэн авлаа. 1922 оны 12-р сарын 30-нд Москвад Зөвлөлт Холбоот Улс үүсгэн байгуулагдав. 1926 онд хотын хүн амын тоо хоёр саяыг давж Ленинград гэсэн нэртэй болсон байсан Санкт-Петербургийг гүйцэж иржээ.

1935 онд Иосиф Сталин хотыг шинэчлэх ерөнхий төлөвлөгөөг гарган, хотод олон эгнээ бүхий өргөн замыг тавьж, Москвагийн метрог барьж нээснээс гадна шинээр олон гүүр босгож, мөн Москвагийн сувгийг барьж гүйцэтгэв. Хуучин хот дундуур хөндлөн гулд шинээр авто замууд тавьсан ба энэ ажлын хүрээнд түүхийн дурсгалт барилгуудыг нураасны жишээнд Сухаревын цамхаг ч өртөн байраа тавьж өгөв. Ялангуяа сүм, хийдийн барилгууд олноор сүйдсэн байдаг. Нийт 200.000 орчим барилгын ажилчид, эдгээрийн дийлэнх улс төрийн гэмт хэргээр хоригдогчид энэхүү ерөнхий төлөвлөгөөг гүйцэтгэсэн байна.

Хуучин Москваг бүрэн шинэчлэх нэрийн дор сүйтгэж дуусгахын өмнө „азаар“ дэлхийн хоёрдугаар дайн гарч зогсоосон байна. Мөн дэлхийн хамгийн өндөр барилга болох 415 метрийн өндөртэй Зөвлөлтийн Шилтгээний барилгын ажлыг ч гүйцээж чадаагүй юм. 1931 оны арванхоёрдугаар сарын 5-нд Христийн цогчин дуганыг тэслэн нурааж түүний суурин дээр аварга том улс төр, соёлын төв барин, социалист нийгмийн үлгэр болох ёстой байв. Барилгын суурийг дөнгөж цутгаад байтал Аугаа их Эх орны дайн гарснаар энэ төслийг зогсоосон ба дайны дараа ч гүйцээгээгүй юм.

Дэлхийн хоёрдугаар дайн

[засварлах | кодоор засварлах]

1941 оны 6-р сарын 22-нд германы Вермахт ЗХУ-д дайн зарлаагүй халдсан ба мөн оны 9-р сарын 30-нд Москва руу тулан иржээ. Нийт 80 орчим дивиз (нэг дивиз нь 1-3 түмт), үүн дотор 14 танкийн дивиз, 8-н механикжсан дивиз, зуу гаран нисэх онгоц, мянга гаран танк, их буу, гранат шидэгчийг нийслэлийн эсрэг тулаанд ашиглажээ. 1941 оны 6-р сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хотыг агаараас бөмбөгдөж эхэлсэн ба энэ нь 1942 оны 4-р сарын 5-ны өдөр хүртэл үргэлжилсэн байна.

Москваг эзэлсний дараа германы ялалтын цэргийн ёслолын жагсаал Адольф Хитлер өөрийн биеэр хүлээн авахаа илэрхийлсэн байна. Гэвч энэхүү цэргийн ёслолын жагсаал нь хоосон санаархал байв. Гэхдээ өөр нэгэн цэргийн ёслолын жагсаал 11-р сарын 7-нд зохиогдсон ба энэ бол жил болгон уламжлал болгон хийдэг Улаан Армийн цэргийн парад байв.

1941 оны 11-р сарын 15-нд германы хоёр дахь давшилт эхэлсэн бөгөөд энэ удаа хотын баруун тал дахь ганц хоёр сууринг л эзэлсэн ажээ. 1941 оны 12-р сарын 5-нд зөвлөлтийн талын сөрөх давшилт эхлэн, германчуудыг 100-гаас 300 километр хүртэл буцаан цохив. Германы агаарын зэвсэгт хүчин нийтдээ 12.000 нислэг Москва руу үйлдсэн ч, түүний цөөн хэдэн онгоц л Москвад хүрч чадсан байна. Москвагийн тулалдаанд германчууд 250.000 цэрэг, 1300 танк, 2500 их буу, 15.000 механикжсан тээврийн хэрэгсэл өөр бусад материалын хохирол амсчээ. Оросын талаас ойролцоогоор 700.000 цэрэг амь үрэгдсэн, шархдсан эсвэл сураггүй алга болсон байна. Энэ бол германы Вермахт цахилгаан/хурдан дайнаа эхэлснээс хойш зургаан сарын дотор Зөвлөлтийн эсрэг хийсэн дайндаа эхний удаагаа ялагдсан ялагдал байсан юм.

1944 оны 7-р сард Иосиф Сталин Москва хот төвөөр 55.000 дайнд олзлогдогчдыг жагсаажээ. [14]

1945 оны 6-р сарын 24-нд Москвагийн улаан талбай дээр Улаан Армийн ялалтын ёслолын жагсаал зохиогдсон байна. Нийслэл хотоо хамгаалах дайнд амь үрэгдсэн нэр нь тодроогүй цэргүүдийн цогцосыг Кремлийн хананд оршуулсан ба түүний булшны чулуун дээр:

Чиний нэр тодроогүй ч
Чиний баатарлаг үйлс чинь мөнх

хэмээн сийлсэн байдаг аж.

Кремлийн дэргэдэх Москва зочид буудлын дээвэр дээр агаарын довтолгооноос эсэргүүцэгч, 1941 он
Москвагийн гудамжин дахь шивээ, 1941 оны аравдугаар сар
Шавар германы танкийн давшилтад саад учруулсан байдал, 1941 оны аравдугаар сар

Дайны дараа Москваг дахин босгов. 1947 оны нэгэн тогтоолд, хотын найман хэсгийг сонгон өндөр барилгууд барих шийдвэр гаргажээ. Хотын олон сүм, дуганыг нураан, оронд нь ерөнхийдөө төстэй олон өндөр барилга барьснаар, чигээ авах баримжааны цэггүй болсноос гадна алсаас зураг мэт гоёмсог харагдах бараа сүрээ ч алджээ.

1953 оны 3-р сарын 5-нд Иосиф Сталин Москвад нас нөгчив. Түүний шарилыг эхлээд Улаан талбай дээр Лениний бунханы дэргэд оршуулав. Гэвч Никита Хрущёв засгийн эрхийг барьж байхдаа „сталинжуулалтаас“ хагацах бодлогын хүрээнд И.Сталины цогцосыг бунханаас гарган Кремлийн ханан дахь хүндэтгэлийн оршуулгын газарт шилжүүлсэн байна.

1955 оноос эхлэн олон барилга шинээр баригдав. Зөвхөн 1961 оноос 1970 оны хооронд л гэхэд Москвад байсан бүх орон сууцнуудыг 2,5 дахин нэмэгдүүлсэн байна. 1959 он болон 1970 онуудад хийсэн хүн амын тооллогын дүнгээр хотын хүн ам 40 % нэмэгдэв. Энийг дагаад хот ч хүрээгээ тэлсээр 1960 наймдугаар сар гэхэд Москвагийн тойрог хурдны замд хүрсэн байна. Өмнө нь бие даан тусдаа хот гэгдэж байсан Бабушкин, Кунцево, Люблино, Перево, Тушино тав мөн 12 жижиг суурин Москвад нэгдэв. 1970 он гэхэд хотын хүн ам бараг 7 саяд хүрчээ.

1980 онд Москвад XXII Зуны Олимпыг зохион явуулав. 1980-аад оны сүүлээр зөвлөлтийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг туйлдаж хямралын байдалд орж эхлэв. Ерөнхийлөгч Михаил Горбачёвын дотоод бодлогын явцад (гласность-ил тод байдал, перестройка-өөрчлөл байгуулалт) улсын эдийн засаг нуран унах өдөр бүрээр тодорхой болж байв.

1991 оны 8-р сард Михаил Горбачёв шинэ Зөвлөлт Улсын гэрээнд гарын үсэг зурах гэснийг зарим генералууд, өндөр эрх мэдэл бүхий засгийн газрын гишүүд, КГБ-н дарга нар нэгдэн, ерөнхийлөгчийн эсрэг төрийн эргэлт хийхийг оролджээ. Энэ оролдлогоос хойш дөрвөн сарын дараа буюу 1991 оны 12-р сарын 25-нд Горбачёв ерөнхийлөгчийн албанаасаа огцорсон юм. Энэ өдөр нь мөн анхны коммунист улсын төгсгөл болсон гэж үздэг.

Он Хүн ам
1350 30.000
1400 40.000
1600 100.000
1638 200.000
1710 160.000
1725 145.000
1738 138.400
1750 130.000
1775 161.000
1785 188.700
1800 250.000
1811 300.000
1813 215.000
Он Хүн ам
1825 241.500
1840 349.100
1852 373.800
1858 336.400
1864 351.600
1868 416.400
1871 601.969
1886 753.459
1891 822.400
1897 1.038.591
1900 1.175.000
1908 1.359.200
1912 1.617.157
Он Хүн ам
1915 1.817.000
1920 1.028.200
1926 2.019.453
1936 3.641.500
1939 4.182.916
1956 4.847.000
1959 5.045.905
1970 6.941.961
1979 7.830.509
1989 8.769.117
2002 10.126.424
2010 11.503.501
2017 12.228.685

Газар зүйн байрлал

[засварлах | кодоор засварлах]

Москва хот нь Оросын газар нутгийн европ дахь хэсэгт, далайн түвшнээс дээш дунджаар 156 метрийн өндөрт, Ока гол, Ижил мөрөн хоёрын дундах толгодын дунд, зарим хэсгээрээ эгц эрэг бүхий тус хотын нэрийг өгөгч Москва голын хөвөөнд оршдог.

Москва гол хотыг баруун хойноос нь зүүн урд зүгийг чиглэн ойролцоогоор 80 километр мушгиран, дайрч өнгөрнө. Москва доторх голын өргөн 120-200 метр хүрнэ. 1937 онд дуусган, ашиглалтад авсан, хотын баруунаас умард зүгийг чиглэх 128 километр урттай Москвагийн сувгаар усан тээвэр хийн Иванковын хиймэл нуур луу буюу Ижил рүү холбогдох боломжтой.

Хотын нутаг дэвсгэр нь нийт 2511 хавтгай дөрвөлжин километр. Үүний гуравны нэгийг ногоон байгууламж эзэлнэ. Үүнд багцаагаар 100 цэцэрлэгт хүрээлэн, 500 орчмыг нь цөөрмөөр өргөтгөсөн, 800 гаран байгууламж орно.

Засаг захиргааны хуваарь

[засварлах | кодоор засварлах]

Москва хот нь, хотыг оролцуулахгүйгээр түүнийг тойрсон хэсгээс бүрдэх Москва мужийн захиргааны төв юм. Төв Холбооны тойрог дотроо Москва нь бие даасан холбооны субъект болж явдаг.

Москва муж нь 36 район, 36 хотын тойрогт хуваагддаг бол хот өөрөө 12 захиргааны дүүрэгт хуваагдана.

Захиргааны дүүрэг Орос нэр Районы
тоо
Хүн ам
(2002 оны тооллого)
Хүн ам
(2010 оны тооллого)[15]
Ялгаа
2010 оноос 2002 он (%)
Төв (1) Центральный 10 701.353 741.967 +5,8
Хойд (2) Северный 16 1.112.846 1.100.974 −1,1
Зүүн Хойд (3) Северо-Восточный 17 1.240.062 1.359.508 +9,6
Зүүн (4) Восточный 16 1.381.797 1.452.759 +5,1
Зүүн Өмнөд (5) Юго-Восточный 12 1.109.121 1.318.885 +18,9
Өмнөд (6) Южный 16 1.593.065 1.716.808 +7,8
Баруун Өмнөд (7) Юго-Западный 12 1.179.211 1.362.751 +15,6
Баруун (8) Западный 13 1.029.004 1.285.914 +25,0
Баруун Хойд (9) Северо-Западный 8 779.965 942.223 +20,8
Зеленоград (10) Зеленоградский 5 215.727 221.712 +2,8
Новомосковский (11) Новомосковский 11 144.231
Троицкий (12) Троицкий 10 90.815
Москва
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
42
 
-6
-13
 
 
36
 
-4
-12
 
 
34
 
2
-6
 
 
44
 
11
2
 
 
51
 
19
8
 
 
75
 
22
11
 
 
94
 
24
13
 
 
77
 
22
12
 
 
65
 
16
7
 
 
59
 
8
2
 
 
58
 
1
-3
 
 
56
 
-3
-9
Температур °CТунадас мм
Эх сурвалж: wetterkontor.de[16]
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Москва
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) −6.2 −3.9 2.4 10.6 18.6 22.4 23.8 22.0 15.8 8.4 1.3 −3.4 Ø 9.4
Мин. Температур (°C) −12.7 −11.6 −5.9 1.8 7.6 11.4 13.1 11.7 7.0 2.1 −3.4 −8.9 Ø 1.1
Тунадас (мм) 42 36 34 44 51 75 94 77 65 59 58 56 Σ 691
Нартай цаг (h/d) 1.0 2.5 4.1 5.7 8.5 9.2 8.8 7.6 4.8 2.5 1.1 0.6 Ø 4.7
Бороотой өдөр (d) 11 8 8 9 8 11 12 10 11 10 12 12 Σ 122
Агаарын чийгшил (%) 85 83 78 71 64 67 72 77 81 83 86 87 Ø 77.8
Т
е
м
п
е
р
а
т
у
р
−6.2
−12.7
−3.9
−11.6
2.4
−5.9
10.6
1.8
18.6
7.6
22.4
11.4
23.8
13.1
22.0
11.7
15.8
7.0
8.4
2.1
1.3
−3.4
−3.4
−8.9
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
42
36
34
44
51
75
94
77
65
59
58
56
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: wetterkontor.de[16]

Угсаатны бүлгүүд

[засварлах | кодоор засварлах]

Өнөөгийн байдлаар Москвад нийтдээ 100 гаран үндэстэн, угсаатан амьдарч байна. 2002 оны хүн амын тооллогоор нийт оршин суугчдын 84,83 % нь орос угсаатан байв. Хамгийн ихээр байгаа угсаатны цөөнхөд: украинчууд (2,44 %), татарууд (1,60 %), арменичууд (1,20 %), азербайжанчууд (0,92 %), еврейчүүд (0,76 %, Москвагийн статистикийн хорооны мэдээнд угсаатан, шүтлэгтэн хоёрыг нэгтгэн тооцжээ), беларусьчууд (0,57 %), гүржүүд (0,52 %), молдавчууд (0,35 %), тажикууд (0,34 %), узбекчүүд (0,23 %), мордовачууд (0,22 %), чувашчууд (0,16 %), вьетнамчууд (0,15 %), чеченьчүүд (0,14 %), хятадууд (0,12 %), осетчууд (0,10 %), солонгосчууд (0,08 %), казахууд (0,08 %), паштунчууд (0,06 %), башкирууд (0,06 %), германчууд (0,05 %).[17] Гэхдээ энэ бүртгэлд хуучны зөвлөлтийн харьяанд байсан улсуудаас хууль бусаар амьдарч буй иргэд ороогүй юм. Үүн дээр нэмэгдэн хотод улирлын чанартай ажил хийхээр маш олон ажилчид ирж буцдаг байна.

Оросууд гадаадынханд дайсагнах буюу арьс өнгөөр ялгах нь харьцангуй бага боловч хуучин ЗХУ-ын Төв Азийн бүгд найрамдах улсууд болон Кавказаас цагаачлагчдад маш дургүй. Ганц нэг Чеченьчүүд Москвад байсгээд л алан хядах үйл ажиллагаа явуулдаг нь тэднийг үзэн ядах гол шалтгаан болдог гэж үздэг.

Христийн шашин бол Москвад голлох шашин боловч сүсэгтэн олны дийлэнх нь оросын үнэн алдартны шашинд харьяалагддаг. Бусад түгээмэл дэлгэрсэн шашинд ислам, буддын шашин, иудаизм орно.

2008 оны орчим Москвад 410.000 муслимчууд амьдарч байв.[18] Москвагийн хамгийн эртний ислам шашны сүм нь Москвагийн түүхийн мечет юм.

Москвагийн засгийн газрын байр

Москвад ерөнхийлөгч, түүний ерөнхийлөгчийн тамгын газар, холбооны засгийн газар мөн түүнчлэн олон тооны яам, төрийн байгууллагууд байх учраас хотын захиргааны бодлого нь төрийн бодлогын хажуугаар зэрэгцэн тогтнохоос гадна кремль ба засгийн газартай байнгын зөрчилдөөний байдалтай байдаг. Энэ нь удаан хугацааны турш оросын нийслэлд байнга байсаар ирсэн хэвшсэн улс төр юм.

Хотын захиргаа нь засгийн газар болон хотын захирагчийн зааврын дагуу Москвад гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Хотын захирагч ба хотын захирагчийн орлогчийн хамт ерөнхийлөгчийн санал болгосны дагуу хотын парламентаас сонгодог. Хуулийн эрх мэдлийг Москвагийн хотын думаас хангана. Энэ дум нь нийт 35 гишүүнээс бүрдэх бөгөөд хотын засаг дарга тэдний үйл ажиллагааг хянадаг.

Хамтын ажиллагаатай хотууд

[засварлах | кодоор засварлах]

Москва нь дараах хотуудтай ах дүүсийн барилдлагатай хамтран ажиллана:

Сүлд Хот Улс Хэзээнээс
Улаанбаатар  Монгол 1957 оноос хойш
Мадрид  Испани 1979 оноос хойш
Берлин  Герман 1990 оноос хойш
Сөүл  Өмнөд Солонгос 1991 оноос хойш
Вена  Австри 1991 оноос хойш
Токио  Япон 1991 оноос хойш
Парис  Франц 1992 оноос хойш
Бээжин  Хятад 1992 оноос хойш
Варшав  Польш 1993 оноос хойш
Алматы  Казахстан 1994 оноос хойш
Ереван  Армени 1995 оноос хойш
Чикаго  Америкийн Нэгдсэн Улс 1997 оноос хойш
Тел-Авив  Израил 2000 оноос хойш
Афин  Грек 2001 оноос хойш

Москва оросын эдийн засагт гол үүрэг гүйцэтгэнэ. Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 20 %, мөн нийт жижиглэн худалдааны 30 %-ийг эзэлдэг. Эдийн засгийн өсөлт жилд дунджаар арав орчим хувьтай. 2005 онд нийслэлийн ДНБ-ний өсөлт 2004 онтой харьцуулахад 20 % байв (ОХУ-ынх 6,4 хувь).[19]

2014 онд явуулсан судалгааны дүнгээр Москва нь 550 тэрбум америк долларын эдийн засгийн чадвартай (худалдан авах чадвар) байгаагаараа дэлхийд аравт ордог. Нэг хүнд ногдох дундаж орлогын хэмжээгээрээ Нидерландтай ижил түвшинд, харин оросын дундажтай харьцуулахад даруй хоёр дахин их байна.[20]

Америкийн эдийн засгийн сэтгүүл Форбсын 2016 онд гаргасан судалгаагаар дэлхий даяар долларын тэрбумтны тоогоороо гуравт бичигдэнэ гэжээ.[21]

2018 онд зохиогдсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 12 тоглолт нь Москвад явагдсан. Тэмцээнийг зохион байгуулах ажил нь хот ба хот орчмын бүс нутгийн эдийн засаг, спорт, аялал жуулчлалын дэд бүтцийг улам бүр хөгжүүлэх хөшүүрэг болж өгсөн гэж үздэг.[22]

Москвагийн аж үйлдвэрийн салбарын дөрөвний нэгийг машин үйлдвэрлэлийн салбар эзэлнэ.[23] Энэ салбарын үндсэн салаа мөчирт багаж хэрэгслийн машины үйлдвэрлэл ба багаж үйлдвэрлэл, цахилгааны аж үйлдвэр, агуулах үйлдвэрлэл, тээврийн хэрэгслийн аж үйлдвэр, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл орно. Дараагийн чуxал аж үйлдвэрийн салбарт металлург, хөнгөн үйлдвэр, автомашины үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, химийн үйлдвэр, петрохимийн үйлдвэрүүд орно. Мөн түүнчлэн Москвад маш том зэвсэгт хүчний аж үйлдвэрийн цогц байдаг.

Санхүүгийн үйлчилгээ

[засварлах | кодоор засварлах]

Тус улсын санхүүгийн боломжийн 80 орчим хувь нь Москвад төвлөрсөн байдаг. ОХУ-ын эдийн засагт оруулсан нийт гадаадын хөрөнгө оруулалтын гуравны хоёр нь нийслэлд очдог. Үүгээр Москва нь гадны хөрөнгө оруулагчдын хамгийн том үйл ажиллагааны салбар юм. Хотод 18.500 орчим худалдааны аж ахуйн нэгж, зоогийн газар, үйлчилгээний аж ахуйн нэгж, 9000 орчим жижиглэн худалдааны газар, 150 худалдаан захууд байх бөгөөд эдгээрт нийт нэг сая орчим хүн ажиллана. Мөн 1200 банк, 60 гаран даатгалын аж ахуйн нэгж, хэдэн арван хөрөнгийн биржтэй. Улсын төсвийн дөрөвний нэг орчмыг Москва бүрдүүлдэг.

Зөвлөлт улсын үеийг бодвол энэ хотод өнөөдөр худалдааны өргөн сонголттой болжээ. Барааны сонголт болон төрөл нь оросын бусад хотуудтай харьцуулахад хамаагүй өргөн боловч үнэ өртгийн хувьд улсдаа хамгийн өртөг өндөртэйд орно. Томоохон худалдааны төвүүд болон дэлгүүрүүд нь даваа гарагаас ням гараг хүртэл нээгдэхийн зэрэгцээ томоохон хүнсний дэлгүүрүүд нь хорин дөрвөн цагаар онгорхой байдаг. Бэлэг дурсгалын дэлгүүрт худалдан авах боломжгүй эртний эдлэл, урлагийн бүтээл, гар бичмэл болон бусад үнэт эд зүйлсийг худалдан авахад экспортоор гаргах зөвшөөрөл шаардлагатай. Бүхний мэдэх бэлэг дурсгалын зүйлд матрёшка (тодоор будсан нэгийг нөгөөгийн хөндий зайд хийсэн модон хүүхэлдэй), сийлсэн тоглоом, үлгэрийн хээ угалз бүхий хайрцаг, модон эсвэл шаазан дээр зурсан зураг багтана.

Москвагийн хамгийн том бөгөөд бүхний мэдэх худалдааны дэлгүүрт Улсын Их Дэлгүүр орох ба энэ нь дэлхийн том худалдааны дэлгүүрүүдийн тоонд ордог. УИД нь Улаан талбай дээр Кремль ба Лениний бунханы яг эсрэг талд буюу хотын төвд байрлана. Энэхүү их дэлгүүрийг 1890-ээс 1893 оны хооронд оросын архитектор Александр Померанцев ба инженер Владимир Шухов нар шинэ оросын хэв маягаар барьсан аж.

Москвагийн чухал хоёр худалдааны гудамжны нэг нь кремлиэс баруун тийш байх Шинэ Арбатын гудамж, нөгөөх нь Шинэ Арбатын гудамжтай гудамжтай зэрэгцээ орших Арбатын (хотын хамгийн эртний явган зорчигчийн бүс) гудамж юм.

Москвагийн метро

[засварлах | кодоор засварлах]
Үндсэн өгүүлэл: Москвагийн метро

Москвагийн метро (Орос: Московский метрополитен) нь 2020 оны байдлаар 15 шугам, 233 өртөөтэй. 1935 оны 5 сарын 15-нд нээгдсэн.

Москва хотын Химийн дүүрэгт байрладаг олон улсын нисэх буудал Шерметьев
 Commons: Москва – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Comins-Richmond, Walter. "The History of Moscow". Occidental College. Archived from the original on May 17, 2006. Татаж авсан: July 3, 2006.
  2. "The Moscow Statute". Moscow City Duma. Moscow City Government. June 28, 1995. Archived from the original on August 23, 2011. Татаж авсан: September 29, 2010. The supreme and exclusive legislative (representative) body of the state power in Moscow is the Moscow City Duma.
  3. 3.0 3.1 "The Moscow City Mayor". Government of Moscow. Archived from the original on August 23, 2011. Татаж авсан: March 18, 2010.
  4. "Общая площадь Москвы в длинну и ширину". RosInfoStat. Архивласан огноо December 3, 2021. Татаж авсан: June 2, 2021.
  5. Including Moscow Oblast (8,524,665)
  6. "Оценка численности постоянного населения по субъектам Российской Федерации". Federal State Statistics Service. Архивласан огноо September 1, 2022. Татаж авсан: 1 September 2022.
  7. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Urban
  8. Moscow metropolitan area
  9. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (орос хэлээр). Архивласан огноо June 22, 2020. Татаж авсан: 19 January 2019.
  10. "Автомобильные коды регионов России-2022: таблица с последними изменениями". РИА Новости (орос хэлээр). November 16, 2022. Архивласан огноо November 28, 2022. Татаж авсан: 2022-11-28.
  11. ""GRP volume at current basic prices (billion rubles)"". rosstat.gov.ru. Архивласан огноо March 31, 2023. Татаж авсан: August 21, 2023.
  12. Федеральная служба государственной статистики (2011). "Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года
  13. Th. Brinkhoff: The Principal Agglomerations of the World, 2011-07-01
  14. Stalins bizarrer Triumphzug mit deutschen Soldaten, Bericht in Die Welt am 16. Juli 2014
  15. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named einwohner_aktuell
  16. wetterkontor.de
  17. Perepis2002.ru: Nationalitäten und Ethnien in Russland – Volkszählung 2002 (Memento 17. Хоёрдугаар сар 2007 цахим архивт) (in Englisch; MS Excel; 203 kB)
  18. Vgl. Roman A. Silantjew: Islam w sowremennoj Rossii, enziklopedija. Algoritm, Moskau, 2008. S. 15.
  19. Russland.RU: Die ausländische Geschäftswelt in Moskau (Memento 30. Наймдугаар сар 2011 цахим архивт)
  20. Alan Berube, Jesus Leal Trujillo, Tao Ran, and Joseph Parilla: Global Metro Monitor. In: Brookings. 22. Januar 2015 (brookings.edu [abgerufen am 2. März 2018]).
  21. Ryan Salchert: Where The Wealthiest Live: Cities With The Most Billionaires. In: Forbes. (forbes.com [abgerufen am 2. März 2018]).
  22. Подготовка к ЧМ-2018 стала драйвером развития столичной инфраструктуры / Новости города / Сайт Москвы. In: Сайт Москвы. 7. Juli 2017 (mos.ru [abgerufen am 1. Juni 2018]).
  23. Время новостей: № 68, 16 апреля 2003